20/08/2026
Яагаад тос, өөхийг угаалтуурт асгаж болохгүй вэ?
Тос нь усанд уусдаггүй. Тиймээс халуун тосыг угаалтуурт асгаад дээрээс нь их хэмжээний ус гоожуулсан ч тос алга болдоггүй. Ус хөрөх үед тос хоолойн дотор талд наалдаж, давхарга үүсгэнэ.
Ялангуяа хоолны үлдэгдэл, савангийн тунадас зэрэгтэй холилдох үед энэ давхарга улам зузаарч, хоолойн нэвтрэх зай багасна. Ингээд
🚰 угаалтуурын ус удаан гоожих;
🚫 бохир усны хоолой бөглөрөх;
💧 бохир ус буцаж хальж, эвгүй үнэр гарах;
🏠 айл, байгууллагын дотоод шугамд гэмтэл, засварын асуудал үүсэх;
🏙️ цаашлаад нийтийн бохир усны шугамд бөглөрөл үүсдэг.
“Халуун байхад нь асгачихвал зүгээр” гэсэн ойлголт маш буруу. Халуун үедээ шингэн байгаа боловч цааш урсаж, хөрөх явцдаа хоолойн хананд наалдана.
❗️Зөвхөн шингэн тос биш, өөх тос ч мөн адил
Дараах зүйлсийг угаалтуурт хийхээс зайлсхий!
- шарсан хоолны үлдсэн тос;
- махны хайлсан өөх;
- масло, маргарин зэрэг тослог бүтээгдэхүүний үлдэгдэл;
- шөл, хуурганы гадаргуу дээрх их хэмжээний тос;
- хайруулын таваг, тогоонд үлдсэн тослог.
Мөн “багахан хэмжээтэй учраас асуудалгүй” гэж бодох хэрэггүй. Нэг удаагийн бага хэмжээний тос асгах олон айл, олон удаагийн үйлдэл нийлсээр том хэмжээний асуудал үүсгэдэг.
💯Тэгвэл хайруулын таваг, тогоог хэрхэн цэвэрлэх вэ?
Тос их хэмжээгээр үлдсэн бол шууд усанд урсгахгүй. Харин
1. Тосыг хөргөнө.
2. Тусад нь саванд хийж цуглуулна.
3. Савны үлдэгдэл тосыг салфетка, цаасан алчуур зэрэг шингээгч материалаар арчина.
4. Тос шингэсэн салфетка болон материалыг ууталж, тухайн газрын хог хаягдлын ангилан ялгах журмын дагуу хаяна.
5. Үүний дараа сав, хайруулын тавгаа угаана.
Тосыг халуун хэвээр нь хуванцар уутанд хийхгүй. Хөргөсний дараа савлаж хаях нь илүү аюулгүй.
❗️Тосыг угаалтуурт биш, суултуурт хийж болох уу?”
Мөн л болохгүй. Угаалтуураас суултуур руу өөрчилсөн ч тос эцэстээ бохир усны системд орно. Энэ нь бөглөрлийн асуудлыг шийдэхгүй, харин өөр замаар бохир усны шугамд оруулж байгаа хэрэг.
Ингэж хэвшвэл зөвхөн нэг айлын угаалтуур бөглөрөхөөс сэргийлэхээс гадна бохир усны шугамын ачаалал, бөглөрөл, засвар үйлчилгээний асуудлыг бууруулахад хувь нэмэр оруулна.