26/06/2026
ЯГ ОДОО МИНИЙ ДОТОР ХАМГИЙН ТОД БУУЖ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ НАСНЫ ТӨЛӨВШИЛ.
Бид ихэвчлэн нялх хүүхдээс хүүхэд, хүүхдээс өсвөр нас, өсвөрөөс насанд хүрэх шилжилтийн тухай ярьдаг. Харин 40+ насанд ч бас амьдралын нэгэн том шилжилт эхэлдэг юм байна.
Энэ үед бидний дотор олон өөрчлөлт өрнөдөг. Харин тэр өөрчлөлтөө анзаарахгүй, хүлээн зөвшөөрөхгүй удах тусам сэтгэл санаа тогтворгүй болж, өөрийгөө хамгаалах хандлага хүчтэй болдог. Уур бухимдал, огцом ааш, хэт мэдрэмтгий байдал, гуниг, хоосрол, ганцаардал… "Нэг л биш байна" гэдгээ мэдэрдэг хэрнээ юунаас болсныг ойлгохгүй явдаг.
Өмнө нь би ч гэсэн зарим хүмүүсийг хараад "Уг нь сайхан сэтгэлтэй хүн байсан, яагаад ийм өөрчлөгдчихөв?" гэж боддог байлаа. Харин өөрөө энэ насны шилжилт дээр ирэхэд л тэр мэдрэмжийг ойлгож эхэлсэн.
Нэг хэсэг бүх зүйл оройтсон мэт, өнгөрсөн мэт санагдсан. Гэвч үнэндээ энэ бол төгсгөл биш, харин нэг мөчлөгөөс нөгөө мөчлөг рүү шилжиж буй шинэ эхлэл байжээ.
Би өөрийнхөө зүрхний гүн рүү аялж, өөртэйгөө ярилцаж, дотоод дуу хоолойгоо сонсож эхэлсэн. Бусдыг дуурайх биш, өөрийн өнгө төрх, зан чанар, хүсэл мөрөөдөл, амьдралд хандах хандлагаа дахин шинээр бүтээж эхэлсэн. Энэ л идэр дунд насны жинхэнэ төлөвшил юм байна.
Өөрийгөө хайрлана гэдэг нь гаднах эд зүйл, таашаал хөөхөөс илүү өөрийнхөө дотоод ертөнцийг сонсож, хүндэлж, хүлээн зөвшөөрөхийг хэлдэг юм байна. Өөрийгөө ойлгож, хайрлаж, хүндэлж чадахгүй байхад өөр хүнээс түүнийг хүлээх амаргүй.
Тиймээс би бусдаас хайр нэхэхээсээ өмнө өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг сонгосон. Тэгээд л бусдыг хайрлах хүч, энерги дотроос өөрөө ундардаг гэдгийг ойлгосон.
Олон сарын турш гаднах ертөнцөөс багахан зай авч, бясалгал хийж, зүрхнийхээ гүнд аялж, амьдралынхаа замнал бүрийн сүүдэртэй нүүр тулан, ухамсарлаж, суралцсаар өнөөдрийн Даваацэрэнгээ би өөрөө хүлээн зөвшөөрч байна.
Нялх хүүхдийг эцэг эх нь асарч, төлөвшүүлдэг. Харин залуу наснаас идэр дунд нас руу шилжих энэ төлөвшлийг хүн өөрийн ухамсар, зориг, хайр, тэвчээрээрээ туулдаг юм байна.
Би одоо ч суралцаж байна. Дасгалжуулагчийнхаа дэмжлэгтэйгээр, хамгийн гол нь өөрийнхөө ухамсартай хамт алхаж байна. Энэ зам надад илүү амар амгалан, илүү утга учиртай амьдралыг нээж өгнө гэдэгт итгэж байна.
Нас ахина гэдэг хөгшрөх биш, харин илүү гүнзгий ухаарч, өөрийгөө шинээр төрүүлэх боломж юм байна.