07/04/2026
💊🌡️ХҮҮХДЭДЭЭ ЯАГААД ДУР МЭДЭН ЭМ УУЛГАЖ БОЛОХГҮЙ ВЭ?
Эмч хүүхдийг нь үзээд, одоо байгаа зовуурь, оношинд үндэслэн, биеийн жин, биеийн гадаргууд тохирох эмчилгээг бичих ба хэдэн хоног ямар тунгаар хэрэглэхийг нь заадаг. Гэвч зарим тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө дур мэдэн хүүхдэдээ эм уулгах,
уулгах ёстой хоногоос бага хоногоор уулгах эсвэл
илүү олон хоногоор ч уулгах тохиолдол гардаг.
Мэдээж ханиадны эхлэл үед хэрэглэдэг зөөлөн эм, халуурсан тохиолдолд халуун буулгах эмийг заавар дээрх кг жинд нь тааруулан уулгаж бололгүй яах вэ. Гэхдээ эмчид үзүүлэхдээ уг эмийг хүүхдэдээ уулгаж болох эсэхийг асуух, зовуурь нэмэгдвэл эмнэлэгт хандах, зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.
Учир нь:
1. Хүүхэд бүр харилцан адилгүй тул нэг хүүхдэд таарсан эм нөгөө хүүхдэд ч мөн таарах албагүй.
2. Зарим эм, тос, бэлдмэл даавар агуулсан байдаг.
Таны дур мэдэн, хэн нэгний аман зөвлөгөөгөөр сайн гээд хэрэглэж буй эм, бэлдмэл, утлагын бодис, тос даавар агуулсан, дархлаа дарангуйлах, өсөлт удаашруулах үйлчилгээтэй ч байх эрсдэлтэй юм.
3. Хүүхдийн арьс нимгэн тул аливаа арьс, салстаар хэрэглэсэн эм, тос, дусаалга, цацлага хурдан шимэгдэж, удаан үйлчилдэг.
4. Эм өвчний шинж тэмдгийг түр дараад, оношийг “далдалж” болдог. Жишээ нь халуун бууруулах, өвчин намдаах, харшлын эм ууснаар зовуурь түр намдаж болох ч суурь өвчин хүндрэх эрсдэлтэй.
5. Антибиотикийг дур мэдэн хэрэглэх хамгийн аюултай
Вирусын ханиаданд антибиотик хэрэггүй
Дутуу хоногоор уувал бактер тэсвэртэй болж, дараагийн удаа өөр антибиотик хэрэглэх хэрэгтэй болдог. Гэдэсний ашигтай бактерийг устах эрсдэлтэй.
6.Зарим эмийг хүүхдэд огт хэрэглэж болохгүй.
❗️ Аспирин (Reye syndrome эрсдэлтэй)
❗️ Кодеин агуулсан ханиалгын эм (амьсгал дарангуйлах эрсдэлтэй)
❗️ Зарим хамрын дусаалга (удаан хэрэглэвэл дасал үүсэх, салст гэмтээх, даавартай бол дааврын илүүдэлд оруулдаг)
💊 Ингэж шалгалгүй, дур мэдэн эм хэрэглэснээс хүүхдэд дараах сөрөг нөлөө илрэх эрсдэлтэй.
❗️ Худалдааны нэршил өөр, хоорондоо ижил эм хэрэглэснээс эмийн тун ихдэх, хордох
❗️ Өсөлт удаашрах
❗️ Жин нэмэгдэх, таргалах
❗️ Биеийн үс ихээр ургах, харлах
❗️ Ойр ойрхон шээх
❗️ Биеэр тууралт гарах
❗️ Харшлын хүнд урвал, нүүр уруул хавдах, амьсгал давчдах г.м
Бодит жишээ:
Сүүлийн үед стеройд даавар агуулсан хамрын дусаалга/цацлагыг эмчийн зөвлөсөн хугацаанаас удаан хэрэглэсний улмаас:
📌 Эмийн шалтгаант Кушингийн хам шинжтэй 2 хүүхэд оношлогдлоо.
Энэ нь гаднаас стеройд дааврыг хэт удаан хэрэглэснээс:
❗️ Өсөлт хоцрогдох, удаашрах
❗️ Төвийн таргалалттай
❗️Арьс нимгэрч, язралттай
❗️Цус шүүрэмтгий болох зэрэг шинж илэрдэг
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн:
👉 Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэж хэвшээрэй
👉 Тун, хэрэглэх хоног, хэрэглэх аргыг ягштал мөрдөөрэй
👉 Эм уугаад сайжрахгүй бол дур мэдэн үргэлжлүүлэхгүй, эмчид хандаарай, давтан үзүүлээрэй
👉 “Сайн эм” гэж бусдын хэлсэн эмийг шууд хэрэглэхээс татгалзаарай
💊 Хүүхдийн эрүүл мэнд бол туршилтын талбар биш юм.
---------------------------------------------------------
⚠️ Хэрэв таны хүүхдэд дээрхи шинж тэмдгүүд илэрсэн бол цаг алдалгүй Мэргэжлийн Хүүхдийн Дотоод Шүүрлийн Эмчид яаралтай хандаж, зөвлөгөө, эмчилгээ авах шаардлагатай.
Манай эмнэлэг өдөр бүр ажиллаж байна.
☎️ 7266-7566 дугаараар холбогдон, эсвэл чат бичин цаг захиалаарай!
Зургийн эх сурвалж:
Keil MF. Quality of life and other outcomes in children treated for Cushing syndrome. J Clin Endocrinol Metab. 2013 Jul;98(7):2667-78. doi: 10.1210/jc.2013-1123. Epub 2013 May 2. PMID: 23640970; PMCID: PMC3701267.