21/01/2026
ХЭЭ УГАЛЗНЫ БЭЛГЭДЭЛ :Мэдээд авахад илүүдэхгүй .
Алхан хээ:
Эртнээс уламжилсан бөгөөд унага тугалын зэлний чагтнаас санаа авсан гэдэг. Үүрд бат бэх, мөнхийн хөдөлгөөнийг бэлгэддэг учраас хүрээлэн хамгаалах утгаар аливаа зүйлийн хүрээ болгон хээлдэг. Дан алх, давхар алх, тал алх гэх мэт олон янзын хувилбартай.
Өлзий хээ:
Олон янзын хувилбар дүрстэй бөгөөд чимэглэж буй зүйлийнхээ гол дунд сүлжсэн цэцэг хэлбэрээр чимэглэдэг. Баяр жаргал, урт удаан наслахын бэлгэдэлтэй. Өлзий хээг өвчин зовлонгүй, дайн дажингүй, чоно нохой хулгай дээрэмгүй гэсэн утгаар хэрэглэдэг. Бүх юм сэтгэлийн аяар, санаснаар, бүрэн төгс бүтнэ гэсэн утгыг агуулдаг байна.
Түмэн наст хээ:
Хас юндэн хэмээх арга барилаас үүсэлтэй тасралтгүй үргэлжилсэн хээ. Нэг буюу хэд хэдэн дүрс зохицон байрлаж бүх зайг таглан үргэлжилдэг нь энэ хээний онцлог юм. Түмэн наст хээ нь төгсгөл үзүүргүй үргэлжилдэг учраас урт нас, үүрдийн аз жаргал, мөнхийн бэлгэдэл болж байдаг.
Ханан хээ:
Хэн ч халдашгүй дархан, мөнхөд үргэлжлэх утгатай.
Хатан сүйх ба хаан бугуйвч:
Хэлхээтэй дөрвөлжин болоод дугуй нь мөнхийн хайр дурлал, түүний ялагдашгүй бөгөөд үнэнч шударга гэдгийн утга санааг илэрхийлдэг. Хаан бугуйвч нь эр хүйсийн тэмдэг, мөнхийн холбоог илэрхийлдэг бол хатан сүйх нь эм хүйсийн тэмдэг, хувиршгүй үнэнч сэтгэлийн бэлгэдэл болно.
Загасан хээ:
Арга билэг, сонор соргог, өсөж үржихийг бэлгэднэ.
Бадамлянхуа:
Бурхны шашны найман тахилын нэг бөгөөд ариун нандины бэлгэдэл болно. Бурхан бол орчлонгийн ариун нандингийн дээд тул түүнийг Бадамлянхуан дэлбээн дээр залруулан дүрсэлдэг. Энэтхэгт “бадам”, түвдэд “мядаг”, хятадад “лянхуа” гэх бөгөөд монголчууд “бадамлянхуа” гэж заншсан байна.
Нацагдорж:
Дөрвөн зүг найман зовхист харилцаа холбоотой байхын хамт элдэв хор хөнөөлөөс сэргийлэх санааг илэрхийлнэ.
Хадган хээ:
Хадгийг эцэг эхдээ золгох, унага уургалах, хурдан морь мялаах, баярын мэнд асуух, бэлэг сэлт өгөх, эмч домчид бараалхах, шавь орох, оршуулга үйлдэх зэрэгт хэрэглэдэг. Ийнхүү хадгийг хүндэтгэлтэй бүгдэд барьдаг учраас ариун сайхан сэтгэл, урт нас ерөөх, аз жаргалын бэлгэдэл болгож хээлэн дүрслэх нь бий.
Хорол хээ:
Тэрэгний дугуйнаас үүсэлтэй бөгөөд хорол хээ гуч орчим төрөл байдаг. Тус хээг өнө эртнийх гэдгийг нотлох сүг зураг Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны сүг зурагт олджээ. Мөн орон сууц, барилга байшингийн хувьсал хөгжлийн үе шат бүхэнд дээдлэн хэрэглэгдсээр иржээ. Хорол хээг дээдэлснээр өрх гэр, гал голомтоо дээдэлж байна гэсэн үг бөгөөд айл гэрийн энх амгалан, бат бэхийн бэлгэдэл болно. Тийм учраас монгол гэрийн хорол тооно үүсчээ. Хорол үндсэн дөрөв, завсрын дөрөв бүгд найман хигээстэй байдаг нь дөрвөн зүг найман зовхисыг илэрхийлдэг.
Чандмань хээ:
Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүслийг хангагч эрдэнэ бөгөөд арга билэг, ариун сайхан, наран саранг хамгаална гэсэн утгатай.