26/10/2026
ЛЕПИДОЛИТ гайхамшигт өнгөтэй, гялалзсан төрхтэй мөртлөө цаанаа шинжлэх ухааны сонирхолтой түүхтэй чулуу.
Зарим хүн үүнийг тайвшралын чулуу гэдгээр нь мэддэг бол зарим нь литий агуулдаг гэдгийг нь сонсоод гайхдаг.
Тэгэхээр энэ удаа лепидолитийн өнгө үзэмжээс эхлээд найрлага, үүсэл, түүх, хэнд тохирох, яагаад хүмүүс энэ чулууг онцгойлон сонирхдог гээд бүгдийг нь сонирхоцгооё.
1. Лепидолит гэж ер нь ямар чулуу вэ?
Лепидолит бол гялтгануурын бүлэгт багтдаг, литий агуулсан эрдэс юм.
Өнгө нь цайвар лаванда ягаанаас эхлээд тод нил ягаан, заримдаа ягаан сааралдуу ,ногоон, шар ,бор хүртэл янз бүр байдаг. Гэрэл тусахад жижигхэн давхаргууд нь гялалзаад, яг л өнгө өнгийн гялтгануур цацсан юм шиг харагдана.
Хамгийн гоё нь байгалийн чулуу учраас ширхэг бүр нь өөр.
Лепидолит бол гялтгануурын бүлгийн, литий агуулсан силикат эрдэс. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг өнгийн чулуу биш, химийн хувьд нэлээд сонирхолтой бүтэцтэй гэсэн үг. 
Гол найрлагад нь Литий (Li) лепидолитийг онцгой болгодог элемент.
Кали (K) эрдсийн бүтцэд оролцоно.
Хөнгөн цагаан (Al), цахиур (Si), хүчилтөрөгч (O) эрдсийн үндсэн бүтцийг бүрдүүлнэ.
Фтор (F), гидроксил бүлэг (OH) бүтцэд нь оролцдог.
Манган (Mn) ягаан, нил ягаан өнгө үүсэхэд чухал үүрэгтэй байж болно. 
Тэгэхээр хоёр лепидолит яг адилхан байх албагүй. Өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг нь л байгалийн чулууны нэг гайхамшиг шүү дээ..
2. Нэр нь хүртэл сонирхолтой ..?
“Лепидолит” гэдэг нэр нь грек хэлний lepidos буюу “хайрс”, lithos буюу “чулуу” гэсэн үгнээс гаралтай.
Яагаад хайрс гэж нэрлэсэн юм бол гэж бодогдож байна уу?
Учир нь энэ эрдэс нимгэн, давхаргат бүтэцтэй. Зарим хэсгийг нь ойроос харахад жижиг хайрс шиг давхаргууд нь гэрэлд гялалзаж харагддаг.
Мэдээж загасны хайрс биш шүү 😊
Байгалийн өөрийнх нь бүтээсэн гялтгануурлаг бүтэц гэсэн үг.
Лепидолитийг анх 1792 онд Германы химич Мартин Клапрот шинжлэх ухааны хүрээнд нэрлэн тодорхойлсон түүхтэй.
Тэгэхээр энэ чулуу өчигдөрхөн моодонд орсон эд биш, хэдэн зуун жилийн эрдэс судлалын түүхтэй юм.
3. Утасны батарейтай холбоотой чулуу гэж үү?
За, одоо хамгийн сонирхолтой хэсэгтээ оръё!
Лепидолит литий агуулдаг. Харин литий бол гар утас, зөөврийн компьютер, цахилгаан машины цэнэглэдэг батарей үйлдвэрлэхэд чухал ашиглагддаг элемент.
Өөрөөр хэлбэл, бугуйвчинд зүүж болохоор хөөрхөн чулуу маань орчин үеийн технологитой хүртэл холбоотой байгаа биз?
Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгоорой..
лепидолит чулууг шууд батарей болгодоггүй. Эхлээд хүдрээс литийг нь тусгай аргаар ялган авч, боловсруулсны дараа үйлдвэрлэлд ашигладаг.
Бас нэг чухал зүйл нь литий агуулдаг гэдгээр нь лепидолит зүүхэд хүний биед литий шингэж, сэтгэл санаа тайвширна гэсэн үг огт биш шүү.
Чулуу доторх литий нь эрдсийн химийн бүтцэд холбогдсон байдаг.
4. Лепидолит нь хаана, яаж үүсдэг вэ?
Лепидолит ихэвчлэн газрын гүнд магмын хайлмаг хөрч, талсжих явцын сүүл үед үүсдэг пегматит хэмээх чулуулгийн орчинд бий болдог. Энэ орчинд литий зэрэг элементүүд баяжсан байдаг учраас лепидолит үүсэх боломж бүрддэг.
Тэгэхээр энэ чулуу нэг өдөр гэнэт газраас бэлэн бугуйвч болоод гарч ирчихдэггүй гэсэн үг ..😄
Байгалийн геологийн урт удаан үйл явцын үр дүнд үүсээд, дараа нь олборлож, ангилан ялгаж, зүсэж өнгөлсний дараа бидний зүүдэг гоёл болдог.
Лепидолитийг Бразил, АНУ, Орос зэрэг олон орны эрдэс агуулсан чулуулгийн бүсээс олдог. Мөн кварц, хээрийн жонш, зарим төрлийн турмалин зэрэг эрдэстэй хамт тохиолдох нь бий.
5. Түүхэндээ ямар сонин үйл явдалтай вэ?
Лепидолитийн түүхэнд зөвхөн литий гэлтгүй өөр нэг химийн элементтэй холбоотой сонирхолтой баримт бий.
1861 онд эрдэмтэд Роберт Бунзен, Густав Кирхгоф нар лепидолит агуулсан материалыг судалж байхдаа рубиди хэмээх элементийг нээсэн түүхтэй. Энэ нь лепидолит болон түүнтэй холбоотой эрдсүүд химийн шинжлэх ухаанд ямар чухал байсныг харуулдаг.
Төсөөл дөө, нил ягаан чулуугаа хараад гоё өнгөтэй юм гэж бодож байтал эрдэмтэд энэ төрлийн эрдсийг судалж шинэ элемент нээж байсан байх нь! Байгалийн чулуу гэдэг заримдаа үнэхээр жижигхэн шинжлэх ухааны түүхийн ном шиг байдаг шүү. .🥰
6. Тэгвэл лепидолит хэнд тохиромжтой вэ?
Энэ чулууг хэнд тохирох бол гэж бодож байгаа бол өнгө, бэлгэдэл, гоёл чимэглэлийн талаас нь харж болно.
Тайван ,даруухан мөртлөө содон харагдахыг хүсдэг хүмүүст
Завгүй амьдралтай, өөртөө цаг гаргахыг хүсдэг хүмүүст
Зарим чулуу сонирхогч лепидолитийг тайвшрал, дотоод тэнцвэрийн бэлгэдэл гэж үздэг.
Зүүх бүрдээ “Өнөөдөр өөртөө жаахан ч гэсэн цаг гаргаарай” гэж өөртөө сануулаарай.
Шинэ эхлэл, өөрчлөлтийн үеийг даван туулж байгаа хүмүүст
Шинэ ажил, шинэ зорилго, амьдралын шинэ үеэ бэлгэдэж зүүхэд утга учиртай сонголт болно.
Бясалгал, өөрийгөө эргэцүүлэх дуртай хүмүүст
Байгалийн чулуугаа ширээн дээрээ байрлуулах, бясалгалын орчиндоо ашиглах, өөрийн дуртай эд зүйлсийн нэг болгоход тохиромжтой.
Лепидолитийг зүүснээр стресс, түгшүүр, нойргүйдэл арилдаг гэдэг.
7. Лепидолитийн ашиг тусыг хоёр талаас нь харвал
Шинжлэх ухааны талаас
Литий гарган авах боломжтой эрдсийн нэг.
Эрдэс судлал, геологийн хувьд сонирхолтой.
Цуглуулга, гоёл чимэглэлд ашиглагддаг.
Бэлгэдлийн талаас
Тайван байдлыг сануулах.
Шинэ эхлэлээ бэлгэдэх.
Өөртөө анхаарах дадлыг дэмжих.
8. Бугуйвч, зүүлт хийхдээ юуг анхаарах вэ?
Лепидолит гоё гялалздаг ч нэлээд зөөлөн, давхаргын дагуу амархан хагарч болох эрдэс юм. Моосын хатуулга нь ойролцоогоор 2.5–4 байдаг тул хатуу чулуутай үрэгдэхээс хамгаалах хэрэгтэй.
Усанд удаан дэвтээхгүй, хүчтэй химийн бодисоор цэвэрлэхгүй байх.
Хатуу чулуу, төмөр эдлэлтэй хамт сул задгай хадгалахгүй байх.
Зөөлөн алчуураар аяар арчих.
Өнгөлсөн үрэл, түүхий эрдэс хоёуланг нь сонгохдоо давхарга, ан цав байгаа эсэхийг шалгах.
Ингэж арчилбал лепидолитийнхоо үзэмжийг удаан хадгалж чадна.
Төгсгөлд нь нэг сонирхолтой зүйл
Лепидолитийг хүмүүс “тайвшралын чулуу” гэж нэрлэх нь бий ч мөн шинжлэх ухааны талаас нь харвал энэ чулуу литий агуулсан, нимгэн давхаргат бүтэцтэй, химийн судалгааны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэс юм.
Өөрөөр хэлбэл, гоё өнгө нь нүдийг баясгаж, түүх нь мэдлэг нэмдэг чулуу гэж хэлж болно.
Чулуу болгон өөрийн гэсэн өнгө, бүтэц, үүссэн түүхтэй. Харин лепидолит бидэнд байгалийн гоо үзэсгэлэн, шинжлэх ухаан хоёр ямар сонирхолтойгоор холбогддогийг харуулдаг юм.
🪻Lavandula Natural Stone Studio💎
Байгалийн чулуу бүрийн цаана нэгэн түүх бий..📖