27/07/2026
Эвий, миний муу монгол охидыг хямдхан, хөнгөн, явдал нь дийлдэхгүй гэж янз бүрээр л ярих юм. Тийм ээ, монгол охид хямдхан. Бид чинь 17-хон саяын алмазан бөгж ч зүүлгүй найз охин нь, эхнэр нь болж хүүхдийг нь ар араас нь гаргадаг тийм л амархан. Бэр гуйлт нэртэй гэр бүлийн ганц уулзалтаар цэнхэр хятад хадгаар солигдоод хадмындаа очдог тийм л хямдхан. Байргүй залуутай хүртэл сууж, түрээсээ хувааж төлөөд амьдардаг тийм л гэнэн. Ганц өдөр гоо сайханд орж, дэлгүүр хэсч, нөхөр нь нэг л удаа гэрээ цэвэрлэж, хоолоо хийхэд нь сайн нөхөртэй гэж бусдад хэлүүлдэг тийм л өрөвдөлтэй.
Их зүйл хүсдэггүй болхоор, байгаагаар нь эрчүүдээ хайрладаг болхоор, мөнгөгүй гэж голдоггүй болхоор охид амархан, хямдхан л гэж дуудуулдаг. Бүр зарим нь давраад хуурдаг. Байгаагаар нь хайрлаад, дээр нь нэмээд алдаатай нь хайрладаг. Тийм агуу зүрх сэтгэлтэй мөртлөө хэзээ ч үнэлэгддэггүй. Ийм л өрөвдөлтэй.
Бидний муулаад байдаг хятад залуучууд эхнэр авахын тулд мэргэжил эзэмших ёстой, сайн ажил хийх ёстой гэж ярьдаг, маш тууштай байж хичээдэг. Биеэ үнэлэгчийг нь хүртэл хуульчлаад өгчихсөн. Биологийн хэрэгцээгээ хангахдаа хүртэл мөнгөө төлж байж хангадаг. Гэтэл монгол банди нар монгол охидынхоо чихэн дээр цэцэг ургуулаад л болчихно гэж санадаг. Өөр улс орны охид иймхэн зүйлд найрагдахгүй болохоор монгол охид хажууд нь хямдхан, хямдхан. Тэгээд л нөгөө банди нар нь бүр даварчихсан. Тэд эмэгтэй хүнд зориулахдаа муу, зориулъя ч мөнгө олох чадвар сул. Эмэгтэй хүн нэг дор арван аяга хоол идэх гээгүй, нэг сарын дотор арван улс руу явах гээгүй. Ганц улс орон үзүүлж харуулж, дэлхийд гарч ганц удаа болзож ч чадахгүй байж хотоос гарчихаараа л унтаж хэвтэх гэж дайрна. Хэдхэн болзоонд мөнгө төлчихөөд өөрийнх нь болохгүй болохоор намайг ашигласан гэж ярьдаг банди нар ч бий.
Өөрийгөө үнэлдэг дажгүй охид нь боломжтой, халамжтай, чадвартай хүнтэй үерхэхээр мөнгөнд нь болчихсон юм шиг л харна. Өөртөө арчаатай, царайтай зүстэй, өөрсөдтэй нь тоож болзохгүй охидыг gold digger, биеэ үнэлэгч юм шиг л ярина. Охидыг өөрт нь үнэгүй байх ёстой юм шиг, өөрөө хорвоод хосгүй залуу шиг л сэтгэнэ. Одоо тэр үе эхнээсээ дуусч байна. Охид өөрсдийгөө үнэлдэг болоод байна. Үнэлэх ч ёстой юм. Бидний сайхан сэтгэлийг, алдсан ч уучилж итгэдгийг, өнгөрсөн одоог нь биш ирээдүйг нь хардгийг, хамтдаа хичээж бүтээнэ гэсэн гэнэн цайлган бодлуудыг ойлгохгүй, үнэлэхгүй бүр хямдхан хөнгөн мэтээр харагдуулаад байвал хариуд нь бүх зүйлээ үнэтэй болгоод өгөх хэрэгтэй. Чамайг хажуудаа суулгах гээд машинаасаа бууж ирээд хаалга онгойлгохгүй бол битгий уулз. Баяр бүрээр цэцэг өгөөгүй бол битгий харьц. Салют буудуулж, хуруунд чинь алмазаа байг гэхэд цирконон бөгж зүүж өгч, өвдөг сөгдөөгүй бол битгий үерх. Орон байраа бэлдээгүй бол битгий гэрлэ. Орой 00:00-с хойш хайртай дуртай гэж бичиж байвал битгий итгэ.
Ахиж битгий хямдхан гэж хэлүүл. Эргүүлээд үнэтэй байгаад өг. Өвдгийг нь газарт сөхрүүлжийж өөрийнх нь бол. Тэр үед тэд нар бодог, хичээг, ажлаа сайн хийг. Эмэгтэй хүн рүү ийм орой залгаж болохгүй гэж ичдэг болтол нь, дансандаа мөнгөгүй үедээ биологийн хэрэгцээгээ мартдаг болтол нь, болзохын тулд машин худалдаж авдаг болтол нь, үр удмаа үлдээнэ гээд тав тухтай орон байраа бэлддэг болтол нь монгол охидууд үнэтэй байгаад өгөх хэрэгтэй. Хямдхан юм шиг эсвэл хэрэгцээ нь юм шиг хандаад байвал хариуд нь тэднийг төлбөр төлөгч шиг, банкны карт юм шиг харьцаад хая. Хайрлаж дурласан нь үнэн бол тэрийгээ батлаад хичээг. Арай гэж өөрийн болгосон шүү гээд өөр хүн рүү харцаа ч унагахааргүй болтол нь үнэ цэнээ харуул.
dayana