02/05/2024
Агуу дуучны амин захиас
1991 оны 9 сар. "Соёл-Эрдэнэ" Yamaha-гийн Олон улсын уралдаанд явах болов. Бараг л зургаан сарын бэлтгэл ажил. Одоо шиг хэн нэгэн дуучин аль нэг улс руу аялан тоглолт, уралдаан тэмцээнд явж л байдаг, ирж л байдаг тийм үе биш. Нэг хамтлаг, чуулга, дуучин гадаадад одох бол яамаараа хөдөлж, урлагийн салбар битгий хэл улсаараа мэдээлэл авдаг үе. Миний анд О.Дашбалбар өөрийн гаргадаг "Зохист аялгуу" сониныхоо бүтэн нүүрийг бидэнд зориулж, ялалт амжилтыг ерөөсөн байв.
"Чингис хаан" рок дуулал маань энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн дуулагдах болсон нь сэтгэлийг баахан зовооно. Оршил хэсгийг нь морин хуурч Ц.Батчулуун, хөөмийч Т.Ганболд нартай бэлдэж бичүүлээд, тэднийг авч явахаар боллоо. Ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчид тэд алдарт Н.Норовбанзадын ард дуугардаг "валют"-ын хөгжимчид. Рок хэмнэлийг ардын хөгжимтэй "тэврэлдүүлсэн" энэ түүх бол анхных биш юм. 70-аад оны "Соёл-Эрдэнэ" ятгын гайхамшгийг мэдрүүлснийг бүгд сайн мэднэ.
Нэг өдөр Норвоо эгч ярьж байна. "Жагаа, маргааш үдийн цайгаараа манайд ирээрэй. Эгчид нь хэлж захих юм байна" гэнэ. Нойр хүрсэнгүй. Маргааш нь Филармониос автобусанд сууж "Хүнсний 20" дээр буугаад гэрт нь орлоо. Банзрагч гуай гал тогоондоо цагаан алчуур мөрөн дээрээ тохчихсон эргэлдэж, хоолны сайхан үнэр ханхлуулна. Цай цүү боллоо. Нар туссан гал тогоонд бид гурав хооллож дуустал Норвоо эгч "Тийшээ оръё" гэж том өрөө рүүгээ чиглэв.
"За Жагаа минь хамтлагаа аваад Япон явах гэж байна уу? Хэлэх юм байна аа. Япон гэж халуун орон. Яана даа гэмээр цэвэрхэн улс. Хөгжимчдийнхөө ариун цэвэрт одооноос анхаарах хэрэгтэй. Өдөр бүр усанд орж өөх, тосоо ядахдаа дундлаад явбал сайн. Манайхны иддэг өөхтэй мах, амьтны гаралтай тосны үнэр биед нэвт шингэдэг. Халуун газар тэр үнэр хамар цоргитол ханхалдаг. Тамхи татдаг хүмүүс нь яаж ийж байгаад "Баянгол"-ын валютын дэлгүүрээс "Марлборо" авсан нь дээр шүү. Хэлээрэй. Тэр Болгар тамхины үнэрт японууд ёстой дургүй, хамар амаа шууд дарна. Ямар сайндаа би хөөмийч Ганболдыг "Гадаа гарч тамхиа тат" гэж хөөж байхав. За тэгээд японууд хоолонд гутлаа тайлж ордог. Оймсны ариун цэвэр маш чухал. Хүн бүр тэнд байх хоногийн тоогоор цагаан оймстой яв гэж цаадуулдаа хатуу анхааруулаарай. Улс орон маань Япон шиг сайхан хөгжих үе ирнэ ээ. Эгч нь дүүдээ иймэрхүү ахуйн чанартай жижигхэн зүйл захиж суухгүй цаг ойрхон байгаа. Яах аргагүй л үзсэн харсан, мэдэрсэн маань ингэж захиж хэлэх шалтгаан байлаа шүү. Миний дүү сайн ойлгоорой. Чи ухаантай. Эстрадынхан дотроос чамайг их хүндэлдэг болохоор эгч нь хирийн хүнд хэлэхгүй юм аа чамд итгэж дуулгалаа. Эгчийгээ уучлаарай. За цай ууя" гээд гал тогоо руугаа алхаж билээ.
1991 он. Монгол орон ардчилал, зах зээлийн нийгэмд дөнгөж л хөл тавьсан үе. Хоёр нийгмийн шилжилтийн энэ хэцүү үе хичнээн жил үргэлжилсэн билээ. Монголын рок хөгжмийнхөн анх удаа л хөрөнгөтөн хэмээн хэллэгддэг улс руу явах гэж байсан нь тэр. Уяхан Замбуутивийн Нарыг уяртал дуулдаг агуу дуучин Норовбанзад эгчийнхээ гэрт сонссон зүрх сэтгэлийн захиасыг нь би санан санан ажил болгосон юм. Гайхамшигт тэр өдрийг яаж мартах билээ. Эх орныхоо нэрийг дээдэлдэг монгол сайхан эхийн сэтгэл тэр байжээ. ©Чингис Жагаа
Д.Жаргалсайхан "Монголын Рок нууц" товчоо номноос
2024.03.03
#Жаргалсайхан #Рокнууцтовчоо